Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан зэрэг нийт зургаан аймаг Улаанбаатараас ирэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зарим аймаг нь тодорхой хязгаарлалт, журмаар зорчуулахаар болжээ.
Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн /2020.03.11/ 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл зогсоожээ.Улаанбаатар хотод халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна.Харин эрүүл бүс болон аймаг дотроо асуумж, зөвшөөрлөөр нэвтрэх бөгөөд гарах хөдөлгөөн нээлттэй байх аж.
Түүнээс гадна Дархан-Уул аймаг руу өнөөдрөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг тодорхой журмаар зохицуулахаар болсон байна. Тодруулбал, вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж.
Мөн Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Хэнтий аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, Улсын онцгой комиссын 7 дугаар хурлын тэмдэглэл, аймгийн нутаг дэвсгэрт хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад ажлаар цар тахлын эрсдэлтэй бүс нутгаас нэвтэрч буй хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг соёлын тоглолт, спортын уралдаан тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх зэрэг хэд хэдэн асуудлаар хэлэлцсэн байна.
Улсын онцгой комисс