Гашуунсухайтын хилийн боомтоор энэ сарын 9-ний байдлаар 500-625 автомашин хилээр гарчээ. Мөн Шивээхүрэн боомтоор өдөрт 400-450 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 34 дүгээр тушаалаар улс хоорондын ачаа тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлэг ажиллаж байна. ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулсан тус шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ГХЯ, УУХҮЯ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, хилийн боомттой аймгуудын Засаг дарга нар, Автотээврийн төвийн удирдлагууд ажиллаж байна.
Замын-Үүд боомтоор өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр 15-20 автомашин хилээр нэвтэрч байсан бол Шуурхай бүлгээс зохицуулж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар өдөрт нэг талдаа 120-150 автомашин хилээр нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангалт нэмэгдэж, хэвийн хэмжээнд хүрчээ.
Мөн ОХУ-ын Хиагтад Монгол Улс руу нэвтрэх ачаатай тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэнийг УОК-т танилцуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр Алтанбулаг боомтод гадаадын тээвэрлэгчийн хагас чиргүүлийг монгол тээвэрлэгчид шилжүүлж, ачааг эцсийн цэгт хүргэх ажлыг энэ оны 1 дүгээр сарын 2-8-нд туршилтын журмаар амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү тээвэрлэлтийн үр дүнг үндэслэн “Хилийн Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг боловсруулж, УОК-ын даргын энэ оны 11 дүгээр тушаалаар батлуулан, тээвэрлэлтийг 2 дугаар сарын 4-нөөс эхлүүлээд байна.
Эдийн засгийг дэмжих хүрээнд газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай уялдуулан тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, УОК Засгийн газарт санал танилцуулж, Алтанбулаг боомтоор бүх төрлийн ачааг, Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, малын тэжээл нэвтрүүлэх талаар шийдвэрлүүлээд байна. Ингэснээр Цагааннуур боомтоор энэ оны 2 дугаар сарын 23-наас, Боршоо боомтоор 3 дугаар сарын 8-наас тээвэрлэлтийг эхлүүлээд байна.
Б.Эрдэнэ