Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд болон “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
“Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина.
Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй болохыг онцолсон юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам