Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хөшигийн хөндий олон улсын нисэх буудалд ажиллах үеэрээ сэтгүүлчдийн зарим сонирхсон асуултад хариулсан байна.
-Хэдэн жилийн өмнө эмэгтэй хүнийг хүчээр эрүүдэн шүүсэн асуудал манай улсад гарсан. Цаашдаа ийм хэрэг гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэн талаар бичлэг гарчихаад байхад энэ асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг яригдсан. Шүүх гэм буруутай эсэхийг тогтоодог учраас хэн нэгэн хүн шүүхийн өмнөөс дүгнэлт хийх боломжгүй. Засгийн газрын тэгүүний хувьд Жендерийн Үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг зогсооно. Жишээ нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ТЕГ бол Засгийн газрын харьяа байгууллага. Тиймээс шүүн таслах ажиллагаа хийгдэх хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед эрүүдэн шүүдгэдэггүй байх ёстой.
Жишээ нь, Чимэгээ гэдэг эмэгтэйтэй холбоотой аймшигтай олон зүйл ил болсон. Олон нийтэд үзүүлсэн хэсэг нь нэг л хэсэг нь тэр. Мансууруулах бодис судсаар хийж, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, бичлэг хийгээд нөхөр рүү нь явуулсан асуудал гарсан. Энэ асуудлыг тухайн үед ил болгож, олон нийтэд ярьж чадаагүй. Одоо би нэгэнт Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа учраас гуравдугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Чимэгээтэй очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэдэг агуулгаар биш.
Эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байж болохгүй гэдэг агуулгаар хийгдэнэ. Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Энэ хорих ангийн доод давхарт эрүүдэн шүүлт хийсэн. Гуравдугаар сарын 8-ны өдөр очиж, дахин энэ хорих ангийг ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж ажиллана. 2021 онд эмэгтэй хүний эрх, ажлын байрны хүчирхийлэл, авлигын эсрэг тэмцэх гурван том асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөгөө баталсан гэлээ.
Л.Баяр