Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн 4 тохиолдол батлагдаж сум дотроо тэг зогсолт хийлээ.
Тодруулбал, 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн “З” нь Төв аймгийн Зуунмод суманд буяны ажил явдалд оролцохоор ирэхдээ PCR шинжилгээ өгөлгүй хулгайн замаар Зуунмод хотод орж ирээд буцсан байна. Улмаар Улаанбаатар хотод эргэн очихдоо шинжилгээ өгсөн нь 3-р сарын 4-ний өдөр эерэг гэсэн хариу гарчээ.
Иймээс Аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны баг Төв аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авч 3 дугаар сарын 06-ны өдрийн 15: 00 цагийн үед 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 4 хүний шинжилгээний хариу эерэг гарч Зуунмод суманд коронавирусын халдвартай 4 тохиолдол батлагдлаа.
Иймд Төв аймгийн Зуунмод хотруу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Харин Зуунмод сум дотроо тэг зогсолт хийсэн гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабаас мэдээлэв.