Гадаад харилцааны яамнаас гадаадад гацсан иргэдийг татан авах тусгай үүргийн нислэг болон вакцтны татан авалт, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
Гадаад улсаас вакцин татан авах асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгье. Манай улс Энэтхэгийн Сериум хүрээлэнд үйлдвэрлэсэн Их Британийн “АстраЗенека” вакцинаас 150 мянган тунг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Синофарм үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцинаас 300 мянган тунг хүлээн аваад байна. Маргааш Спутник-V вакцины эхний ээлж Монгол Улсад ирнэ.
Цаашдаа олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “Пфайзер” вакцинаас 25745 тун, БНСУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакцинаас 163-276 мянган тунг хүлээн авна. Эдгээр вакциныг гуравдугаар сард хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд 1.2 сая тун вакцин авахаар гэрээ хэлэлцээр хийж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн вакцинаар хүн амын 20 хувийг дархлаажуулахаар төлөвлөж байгаа. Үлдсэн иргэдээ дархлаажуулах вакциныг татан авах ажлын хүрээнд ГХЯ хоёр болон олон талт уулзалт зохион байгуулж, яриа хэлэлцээ хийж байна гэлээ.
Л.Баяр