Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хориог цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллана. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.
Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ/-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ гэдгийг Хотын дарга хэллээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас маргааш зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна. Тухайлбал,
ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц
ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок
ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249
ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц
ХУД, 12-р хороо, 62-р байр
ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256
ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401
ЧД, 19-р хороо, Дээд салхит 1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс