БНХАУ-аас коронавирусний эсрэг “Verocell” вакцины 300 мянган тунг тээвэрлэсэн МИАТ-ын онгоц “Чингис хаан” нисэх буудалд урьд шөнө 00.00 цагийн орчимд газардлаа.
БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн уг вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна. БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна.
Манай улс ОХУ-ын “Спутник-V”, БНХАУ-ын “Синофарм”, Их Британийн “Асртазенека”, АНУ-ын “Файзер” вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ.
Монгол Улс өчигдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “Астразенека” вакцины 150 мянган тунг хүлээн авсан бөгөөд энэ сарын 23-наас дархлаажуулах ажил эхлэх юм. Эхний ээлжид цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.
Б.Эрдэнэ