ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хариуллаа.
-Манай улс хувь хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй нөхцөлд зорчих хөдөлгөөнд оролцохыг нь хорих зэрэг байдлаар эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргах уу. Сайн дурын үндсэн дээр вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг хаах, боох асуудал байхгүй гэж үзэж болох уу?
-Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч асуудал хөндөөгүй гэдгийг хэлье. Тийм зүйл байхгүй. Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.
Иргэдийг вакцин тариул гэж албадаж болохгүй гэдгийг ч Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн.
Хэдийгээр дархлаажуулалт үндэсний ажил боловч иргэдийг заавал хийлгэх ёстой гэж албадахгүй. Тэр ч утгаараа вакциныг сонголттой байлгах зарчмыг баримталж байгаа.
-Улаан бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны оршин суугчдаас оношлуур дууссан, лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаанаас үүдэж шинжилгээ аваагүй байна. Шинжилгээ өгөөгүй хүмүүс маргааш ажилдаа явж болох юу тайлбар өгнө үү?
-Хэд хэдэн шалтгаанаас үүдэн өдөрт төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу авч чадахгүйд хүрээд байгаа. Жишээ нь, өчигдөр Баянзүрх дүүрэг дээр 32 мянган сорьцоор 32 мянган өрхөөс авах байсан. Гэтэл хэд хэдэн шалтгаанаас үүдэн ачаалал 52 мянгад хүрсэн. Ингээд төлөвлөсөн хэмжээ 20 мянгаар нэмэгдэхээр лабораторийн хүчин чадал хүрэхгүйд хүрээд байгаа юм. Нэг лаборатори өдөрт 40 мянган сорьц оношлох хүчин чадалтай. Сорьц дууссан гэх асуудал дээр өчигдөр Баянзүрх дүүрэг дээр төлөвлөсөн цагаас эрт буюу 15 цагт буусан шалтгаан нь нэг өрхийн хэд хэдэн гишүү өгөх зэрэг ачаалалтай байсан учир эрт буусан байгаа. Бид шинжилгээ өгч чадаагүй үлдсэн айл өрхүүдийг үлдээхгүй бүгдийг нь хамруулна.
Л.Баяр