2020 оны эхний есөн сард 7.3 хувиар агшаад байсан эдийн засаг энэ онд 4.3 хувиар өсөх боломжтой талаа Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн тойм мэдээлэлдээ дурьдсан байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээх арга хэмжээний нөлөөгөөр дотоод дахь эрэлт нэмэгдэнэ гэж үзсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн идэвхижил болон вакцинжуулалттай холбон ийн дүгнэсэн байна.
Цар тахлын эдийн засагт үзүүлсэн хүчтэй цочрол нь хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, төлөв байдалд нөлөөлсөн байна.
Мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн бол зочид буудал, үзвэр үйлчилгээ тэргүүтэй бусад салбарт буурчээ. Харин албан бус салбарт ажилладаг, ур чадвар багатай ажиллагсад болоод ядуурлын шугамтай ойролцоо иргэд ядуурал руу гулсан орох эрсдэл нэмэгдэж буйг анхаарууллаа.
Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев “КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт амаргүй байх бөгөөд олон сорилттой тулгарч болзошгүй. Монгол Улс цаашдаа богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос эдийн засгийн сэргэлт, дархлааг бэхжүүлэх рүү анхаарах нь зүйтэй” гэжээ.
Засгийн газрын тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүд нь айл өрх, аж ахуйн нэгжид хангалттай дэмжлэг болж, бизнесүүдийг хаалгаа барих эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан хэмээн тэд онцолжээ. Нөгөө талаас бизнес эрхлэгчид Шинэ засгийн газрын бизнесийн талаарх бодлогыг хүлээсэн байдалтай байна.
Дэлхийн Банкны тооцоогоор Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн хөтөлбөрүүдийн өртөг нь 2020 оны хүлээгдэж ДНБ-ий 9 гаруй хувьтай тэнцэхээр байна. 2021 оны батлагдсан төсвөөс харахад Засгийн газрын бодлого нь төсвийн тогтвортой байдал руу эргэн чиглэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой гэсэн байна.
Монголын эдийн засгийг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувиар өсөх боломжтой хэмээн тэд тайлагнасан бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг дурьджээ. Тодруулбал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Улмаар энэ нь эдийн засгийг өсөлтөд хүч түрэх юм. Мэдээж хувийн хэрэглээ дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй хэвээр байна гэж тайланд дурьджээ.
Харин дотоод дахь цар тахлын дэгдэлт нэмэгдэж буй нь эдийн засгийн сэргэлтийн тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлж буй. Тиймээс Монгол Улс төсвийн тогтвортой байдалд тууштай анхаарах нь зүйтэйг зөвлөсөн байна.
Монгол Улс эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг бэхжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр цогц бодлого баримталж, төсвийн тогтвортой байдалд анхаарах шаардлагатай.
Энэ хүрээнд өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгож, иргэдийг тогтвортой орлогын эх үүсвэртэй болох боломжийг бүрдүүлэх үүднээс уул уурхай болон түүнээс бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татан оролцуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно гэжээ. Үүний зэрэгцээ илүү үр дүнтэй, зорилтот дэд бүтэц рүү чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, мөн үр ашиг өндөр, зардал багатай нийгмийн хамгааллын системээр хавсрах нь чухал гэдгийг онцолсон байна.
Н.Чинзориг