Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг сайн үйлсэд зарцуулах саналыг ШӨХТГ-аас холбогдох газруудад тавьснаар хэрэгжихээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ дагуу дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс дуудлага худалдааг зохион байгуулж эхэллээ. Дуудлага худалдаа 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.