Швейцарын хөгжлийн агентлагаас цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн Монголын айл өрхүүдэд нэн шаардлагатай тусламж олгох “Хэнийг ч орхигдуулахгүй” яаралтай тусламжийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 1384 өрхөд тус бүр 100 мянган төгрөгийн ваучер олгох юм. Энэхүү ваучераар тухайн өрх хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой аж.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард цар тахлаас сэргийлэх үүднээс Монгол Улсад Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх үеэр тус байгууллага дээрх төслийн хүрээнд 1500 гаруй өрхөд ваучер олгосон юм. Дээрх төслийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) , Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлсэн юм. Энэ удаад дээрх тусламжийг 2948 өрхөд олгох аж.
“COVID-19” цар тахал нь Монгол Улсын эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд энэ хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай яаралтай тусламжийг үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдгээр иргэдийн эрхийг дээдэлж, хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлүүдийг олох ёстой” гэж тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, Стефани Бурри цохон тэмдэглэлээ.
“Зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийгхудалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд болон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ хүнд цаг мөчид үр дүнтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.
Пипл Ин Нийд нь тус ваучерыг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийн судалгааг гаргах юм.
Швейцарын хөгжлийн агентлагийн тухай: Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) нь Швейцарын Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг юм. ШХА нь 2004 оноос хойш Монгол Улсад олон салбарыг хамарсан шинэчлэл, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа үндэсний хөгжилд дэмжлэг үзүүлж ирсэн томоохон хандивлагчдын нэг юм.
Пипл ин Нийд (ПИН)-ийн тухай: Чех улсад төвтэй ОУТББ бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН нь хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Швейцарын хөгжлийн агентлаг