Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Тээврийн орлогч сайд В.А.Токаревтэй 2 дугаар сарын 9-нд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн төв байранд уулзав.
Уулзалтад “Оросын төмөр замууд” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга С.А.Павлов, ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Тээврийн яамны албаны хүмүүс, Монгол Улсын талаас ЭСЯ-ны эдийн засгийн асуудал хариуцсан дипломат болон ОХУ-д суугаа “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчийн газрын ажилтнууд тус тус байлцав.
Уулзалтын үеэр ОХУ-ын Тээврийн орлогч сайд В.А.Токарев Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, тус нийгэмлэгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар товч мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Элчин сайд Д.Даваа тус хамтарсан нийгэмлэгийн цаг үеийн асуудал, хэтийн төлөвлөлтийн асуудлаар ОХУ-ын талаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг Монгол Улсын холбогдох яам, агентлагт уламжилж, нийгэмлэгийн шинэчлэлийг эхлүүлэх болон төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны яам