Цагдаагийн байгууллагаас хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулалтад оролцох хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эргүүлийн ажилд хамгийн багадаа 36 мянган албан хаагч шаардлагатай тооцоог гаргасан байна.
Шуурхай штабаас эхний ээлжид төрийн яам, агентлаг, төрийн өмчит газруудаас ажиллах боломжтой төрийн албан хаагчдын тоог гаргасан байна. Яам агентлагаас нийтдээ 22 мянган албан хаагч, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харъяа байгууллагаас 4000 гаруй албан хаагч, нийтдээ 26 мянган төрийн албан хаагчийг дайчилж, цагдаагийн байгууллагын ажилд туслуулах юм байна.
Төрийн яам агентлагаас 50 мянган хүнийг дайчлах тооцоог гаргасан ч эндээс 22-45 настай эрэгтэй хүмүүсийг бүгдийг нь сонгож 22 мянган албан хаагчийг дайчлах аж. Дайчлагдаж буй төрийн албан хаагчдыг долоо, долоо мянгаар нь найман цагийн зайтай гурван ээлжлээр ажиллахаар төлөвлөжээ.
Харин нийслэлээс 15184 албан хаагч өрх бүрээс шинжилгээ авах ажилд дайчилна. Үүнээс дийлэнх нь шинжилгээ авах ажлыг зохион байгуулахад оролцох бөгөөд эргүүл, хамгаалалтад 2500 хүнийг ажиллуулах боломжтой гэжээ.
Л.Баяр