Туркменистаны өмнөх удирдагч Сапамурат Ниязов моринд хайртай нэгэн байв. Тэрбээр азарганд ухаанаа өгчихдөг байсан учраас түүний өөрийнх нь Янардаг нэртэй морь сонин, сэтгүүлүүдэд их гарч, тус улсын үндэсний сүлдийг чимэглэдэг байв. 2014 онд Ашхабад хотод энэ моринд зориулагдсан алтадмал хөшөө барьсан түүхтэй. Хөшөө 37 метр өндөр бөгөөд 1,3 га газрыг эзэлдэг.
Түүнчлэн тус улсын төрийн тэргүүн дэлхийн бусад удирдагчдад хурдан удмын хүлэг бэлэглэж, морь Туркменистаны олон улсын брэнд болсон түүхтэй.
Тэгвэл Туркменистаны шинэ удирдагч Гурбангулы Бердымухамедов энэ трендийг дагахаар шийдсэн бололтой. Гэхдээ тэрбээр арай даруухнаар буюу шүтээнээрээ дундад ази овчаркийг сонгожээ. Алабай бол Дундаж Азиас гаралтай нохойн эртний үүлдрийн нэг. Турмены удирдагч Гурбангулы Бердымухамедов 2017 онд Владимир Путинд Алабай үүлдрийн гөлөг бэлэглэж байсан. Түүнчлэн тэрбээр бусад улсын төрийн тэргүүнүүдэд ч энэ нохойгоо бэлэглэж, 2020 онд Ашхабад хотноо Алабай нохойн алтан хөшөө бариулжээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нэгдүгээр сарын 25-нд Олон улсын “Туркмены алабай” холбооны захиалгаар баригдаж буй цогцолборт биечлэн очжээ. Энэ цогцолбор нь нохойн асрамжийн газар, үзэсгэлэнгийн талбай, үзэгчдийн индэр, саадтай зурвас зэргээс бүрдсэн томоохон байгууламж юм байна.
Бердымухамедов цогцолборын үүдний дизайныг өөрөө баталж гаргасан аж. Туркменистаны тусгаар тогтнолын 30 жилийн ойд зориулан босгож буй энэ цогцолбор 1,37 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд Францын «Bouygues Bâtiment» барьж буй гэнэ. Үүний зэрэгцээ Олон улсын хүлээн авалтын төв, “Туркменбаши” банкны барилга, түүнчлэн “Аркадаг” зочид буудал бариулж байна. Зочид буудал нь л гэхэл 448 сая ам.долларын өртөгтэй аж.