Өмнөд Солонгосын судлаачид COVID-19-ийн халдвар авсан иргэдийн дунд шим тэжээлийн дутагдлыг судалсан байна. Харин үүний үр дүнд нийт өвчлөгчдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ. Д аминдэм, селиний дутагдалтай хүмүүсийн биеийн эсэргүүцэл сул байдаг тул COVID-19-ийн халдвар туссан бол хүндрэх магадлалтай гэж судалгааны баг үзсэн байна.
Мөн АНУ, Австралийн эрдэмтэд биеийн дасгал хөдөлгөөн ковид-19 халдварын үед чухал гэдгийг онцолсон байна.
Үүнд:
-Дасгал хөдөлгөөн нь биеийн дархлааг сайжруулдаг тул халдварт өвчин дуссан үед хүндрэх магадлалыг бууруулна.
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн ихэссэнээр зүрх судасны өвчин, таргалалт, даралт ихсэх, чихрийн шижин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчнөөс сэргийлдэг бөгөөд эдгээр өвчин нь ковид-19 халдварын үед нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна
– Цар тахлын үед нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа тул дасгал хөдөлгөөн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд үр дүнтэй
-Тогтмол дасгал хөдөлгөөн нь уушгины багтаамжийг сайжруулна
-Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь вакцины үйлчлэлийг нэмэгдүүлнэ хэмээж ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн зөвлөгөө хүргэлээ.
Л.Баяр