Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчиж баталсан. Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд тус газар нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахад хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Уг хоригийг Байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгөөд байв.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Ц.Туваан нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өгсөн хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилж байгаа юм биш зөвхөн санал болгоно, энэ үндсэн дээр томилгооны сонсгол явуулж Улсын Их Хурал шийдвэрлэх юм. Нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Засгийн газрын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодорхойлж өгсөн. Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг тодотгов. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.
Харин хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Туваан, Л.Мөнхбаатар, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 53 нь буюу 84.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Улсын Их Хурлаас энэ сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэж байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.
Ерөнхийлөгч дээрх хуульд хэсэгчлэн тавьж буй хоригийн үндэслэлээ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар Улсын Их Хурлаас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл юм.
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэл бий болгохоор байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөж өөрчилсөн байх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна гэж Ерөнхийлөгч үзэж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Уг асуудлыг Байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага олгожээ.
Хоригийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Ц.Туваан, Т.Доржханд нар Байнгын хороо болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн бөгөөд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн төслийн талаар шүүх, хууль хяналтын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, Ерөнхийлөгчийн санал, байр суурийг сонсож, ирүүлсэн саналуудыг нь тусгасны үндсэн дээр хэлэлцэж баталсан. Энэ хуулиар шүүх засаглал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн зарчмын чухал зохицуулалт хийгдэж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын 36 зүйл, заалтад Ерөнхийлөгч хориг тавьсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэнийг дурдаж байв. Мөн зарим гишүүний асуултад хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.
Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь нь дэмжив. Мөн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хурааж шийдвэрлэх тухай дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг батлагдсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.