Хятадын эмч нар коронавирусийн шинжилгээг хоолой, хамрны хөндийгөөс арчдас авч хийдэг байсан бол өдгөө нэмж бүдүүн гэдэснээс арчдас авдаг болж байна. Бээжингийн Юань эмнэлгийн Амьсгалын болон халдварт өвчний тасгийн орлогч эрхлэгч Ли Тунзэн Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа энэ арга нь шинжилгээний нарийвчлалыг нэмэгдүүлдэг гэжээ.
Коронавирус бүдүүн гэдэс, ялгадасанд амьсгалын дээд замаас илүү удаан хадгалагддаг. Түүнчлэн хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүсээс хоолой, амны хөндийгөөс арчдас авахад халдвар авснаас хойших 3-5 хоногийн хугацаанд илрүүлж чаддаггүй гэжээ.
Мэдээж бүдүүн гэдэснээс арчдас авах нь PCR-ын бусад төрөлтэй харьцуулахад тийм ч эвтэйхэн биш. Тиймээс төвлөрсөн хөл хорионд байгаа бүлэг хүмүүст л энэ аргыг хэрэглэнэ гэжээ.