НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-аас боловсруулсан “Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын гол зах зээлийн шинжилгээ”-ний дүнг танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох семинарыг Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын ХХБХ хамтран 2021 оны нэгдүгээр сарын 28-29-ний өдөр цахимаар зохион байгуулж байна.
Энэхүү шинжилгээг НҮБ-ын ХХБХ-тай хамтран 2018-2020 онд хэрэгжүүлсэн “Далайд гарцгүй түүхий эдээс хамаарал бүхий хөгжиж байгаа орнуудыг бүсийн болон дэлхийн өртгийн сүлжээнд нэгтгэх” төслийн хүрээнд Монголын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт мөн экспортын гол 5 (БНХАУ, ОХУ, Япон, Вьетнам, Казахстан) зах зээлийн онцлог, импортын шаардлага, үнэ тариф, тээвэр, хэрэглээний чиг хандлага, хэрэглэгчдийн зан төлөв болон мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр зохион байгуулдаг томоохон үзэсгэлэн, арга хэмжээг судалсны үндсэн дээр боловсруулсан.
Семинарт ГХЯ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, хилийн чанад дахь ДТГ-ууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мөн Монголын махны холбоо болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдоос гадна НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Семинарын төгсгөлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллөөс гаргасан санал, зөвлөмжид үндэслэн махны экспортыг хөгжүүлэх замын зураг гаргахаар төлөвлөж байна.
Гадаад харилцааны яам