МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар өнөөдөр хилийн болон гүний гаалиудад коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 6-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд хилийн боомтоор нэвтэрсэн 409 мянган тээврийн хэрэгсэл, 550 мянган зорчигчид хяналт тавьж ажилласан. Коронавируст халдварын батлагсан 1,692 тохиолдлын 410 нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлууд ХӨСҮТ-д эмчлэгдэж, эдгэрээд байна.
Өчигдрийн байдлаар байнгын ажиллагаатай 26 боомтоос 12 нь хөдөлгөөнтэй байсан. Мөн өчигдөр Ховд-Улаанбаатар чиглэлд дотоодын нислэгт хяналт тавьж ажиллалаа. Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба олон улсын нислэгээс гадна карго, дотоодын нислэгүүдэд мэргэжлийн хяналт хийж байгаа.
Замын-Үүдийн төмөр зам болон авто замын боомтууд хэвийн ажиллаж байгаа. Сүүлийн үед Замын-Үүд боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн нэмэгдсэн. Одоогоор өдөрт 150-160 ачааны машин нэвтэрч байна.
Сүхбаатар төмөр замын боомтоор өдөртөө 22 ачааны вагон эргэлтэд орж байна.
Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс ажиллагаанд орох бөгөөд Засгийн газрын 8 дугаар тогтоолын хүрээнд тус боомтоор зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолно. Ингэхдээ 7 хоног ажиллаад, 7 хоног ажиллахгүй байх зохицуулалттай.
Эрээнцав боомт ажиллагаатай байгаа. Тус боомтоор газрын тосны бүтээгдэхүүн татан авч байгаа бөгөөд 7 хоног ажиллаад, 7 хоног ажиллахгүй байх зохицуулалттай байгаа. Машинистуудын эрүүл мэндийн байдалд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байна.
Бусад буюу БНХАУ-тай хиллэдэг Бичигт, Ханги, Шивээхүрэн, Гашуунсухайт, Булган боомтоор голдуу ашигт малтмалын экспорт хийгдэж байгаа. Бид жолооч нараар халдвараас сэргийлэх дадлыг баримтлуулж, ачаа тээврийн халдваргүйжүүлэлт дээр хяналт тавьж байна. Өчигдөр гэхэд 1252 жолооч ашигт малтмал тээвэрлэж гарсан” гэв.
Л.Баяр