Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Korea Pharma” ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган, “Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа болон бусад хүмүүс оролцлоо.
УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “УХТЭ нь 2020 онд шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэ эмчилгээний арга, технологийг бий болгох, хүний нөөцийг давхар бэлтгэх тал дээр анхаарч ажиллалаа. Үүний нэг болох хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд “Korea Pharma” ХХК-иас сонгомол аппарат буюу зөвхөн хөхний хоргүй болон хортой хавдарт зориулж ашигладаг аппаратыг манай эмнэлэгт хандивлаж байгаад баяртай байна. Монголдоо албан ёсны эрхтэйгээр “Korea Pharma” компани оруулж ирдэг бөгөөд өнгөрсөн зургаан сараас эхлэн тус аппаратыг манай эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэс заслыг хийж эхэлсэн. Тус аппарат нь дүрсийн хяналттайгаар хөхний хавдрыг соруулж авдаг. Өнгөрсөн онд 22 иргэнд хоргүй хавдар авах мэс заслыг хийсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний үр дүн маш сайн байна” хэмээв.
“Хавдрын бүтцээс шалтгаалж, мэс засалд орсон өвчтөнүүд 1-13 ширхэг хавдрыг соруулж авсан” УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган “Энэ эмчилгээний хамгийн гол онцлог нь хөхний хэлбэр, хэмжээг алдагдуулахгүйгээр зөвхөн хавдрын эдийг 0.5 см урттай жижиг нүхээр соруулж авдагт оршино. Мөн ерөнхий унтуулга хийхгүйгээр хэсгийн унтуулгатайгаар мэс заслыг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
Өвчтөн мэс заслын дараа 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой байдаг. Өнгөрсөн онд хийгдсэн 20 гаруй мэс засал нь бүгд хоргүй хавдар байсан бөгөөд үүнийг хортой хавдар дээр хийх аргачлалыг бид онлайн байдлаар БНСУ-ын багш нараас суралцаж байна. Мэс засалд орсон иргэд 2-3 сарын зайтай хяналтын үзлэгт ордог бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл гараагүй.
Хавдрын бүтцээс шалтгаалж, мэс засалд орсон өвчтөнүүд 1-13 ширхэг хавдрыг соруулж авсан. Тус мэс засал эмчилгээ нэвтрээгүй байсан бол дээр дурдсан 20 гаруй иргэний хөхийг бүхэлд нь болон хэсэгчлэн тайрч хавдрыг авах байсан. Эмэгтэй хүн хөхөө тайруулснаар бие болон сэтгэл зүйн маш их өөрчлөлтөд ордог бөгөөд бид үүнээс сэргийлж чадсандаа маш их баяртай байна” хэмээн ярилаа.
“БНСУ-аас шинэ хагалгааны технологиудыг Монголдоо нутагшуулах ажлыг хийж байна”
“Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа “Манай Korea Pharma компани нь 2014 оноос хойш эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд манай компаний зорьж байгаа зорилт нь БНСУ-аас шинэ хагалгааны технологиудыг Монголдоо нутагшуулах ажлыг хийж байна. 2020 онд гэвэл УХТЭ-т хөхний хавдрыг соруулж авах Bexcore system аппаратыг суурилуулж өгсөн бөгөөд өнөөдөр ийнхүү тус эмнэлэгтээ хандивлаж байна.
Мөн УНТЭ, Амгалан амаржих газруудад шинэ технологи болох өндөр давтамжит технологиор хавдрыг түлэх эмчилгээг нэвтрүүлээд байгаа” гэлээ.
Эх сурвалж: ЭМЯ