УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: 80-аад онд төрсөн хүн Монгол Улсын Ерөнхий сайд болох гээд ороод ирж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар байна. Гэтэл тантай чацуу 1980 онд төрсөн залуус өөр байна. Ажилласан байдлыг тань харахаар хувийн хэвшилдл огт ажиллаж байгаагүй юм байна. Дандаа төрд ажилласаар байгаад энэ хүрсэн, амьдрал ахуй чинь ч их сайжирсан юм байна. Энийгээ өөрөө юу гэж бодож байна.
Таныг дэвшээд ороод ирж байгаад гайхаж байна. Энэ бол Монголын ард түмнийг доромжилж байгаа нэг хэлбэр. Монгол Улсын Засгийн газар алдаа гаргаад бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ алдаанд таны ч оролцоо бий. Огцорчихоод яагаад буцаад орж ирж байгаа юм бэ.
Оюутолгойн асуудалд Монгол Улс өрөнд ороод дуусах юм байна. Та ЗГХЭГ-ын даргаар сүүлийн хоёр жил ажиллаж байгаа. Энэ дээр юу хийсэн юм бэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 1980 онд төрсөн. Намайг хоёрдугаар ангид байхад Ардчилсан хувьсгал өрнөсөн. Өнгөрсөн 30 жил 80-аад онынхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас би үүнийг үүрсэн 80-аад оны төлөөлөл.
Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг ойлгодог гэж бодож байна.
Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг та улстөржиж асууж байгаа учраас үүнийгээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас асуу. Яагаад Ерөнхий сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан юм бэ гэдгийг асуу. Яагаад 11 асуудлыг өөрчилж, өнөөдөр татварын ногдол ашиг авахгүй болсныг асуу. Өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ энэ бүх завхралыг засах гэж өнгөрсөн хугацаанд хичээсэн.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орлогогүй болсон айл өрхүүдэд багцалсан мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох шаардлагатай. Нэг айлд 300 мянган төгрөг өгөх шаардлага байна. Үүнийг шинэ Засгийн газар анхаарч үзээсэй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. МАН-ынхан хүч түрэн шийдэх байх. Цар тахлын үед хүнд байдалд ороод байгаа салбар бол боловсролын салбар. 1990-ээд оны үеээс бичиг үсэггүй олон хүн гарсан. Эхний ээлжид халдваргүй байгаа аймаг, сумдын сургуулийн үйл ажиллагааг нээмээр байна.
Сурч боловсрох тусам хүүхдийн ирээдүйн орлого 10 орчим хувиар өсдөг гэсэн судалгаа байдаг. Хүүхдүүдийн бүтэн жил алдсан боломжийг нөхөн олгох асуудлыг улсын төсөвт тусгах нь зүйтэй.
Манай улс эдийн засаг, уул уурхайн салбаруудаас хамаарсан эмзэг бүтэцтэй. Шинэ Засгийн газар аль салбарыг илүү дэмжих вэ?
Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Бид экспортоор 7.6 орчим сая долларыг олдог. Үүнээс 89 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Шинжлэх ухаан технологийн том дэвшил гараад нүүрс хэрэглэхээ больвол манай улс хүнд нөхцөлд орно. Үүнийг давс мэт гашуун боловч шийдэхээс өөр аргагүй зүйл гэж ярьж байгаа. Тэргүүлэх чиглэлүүдийг зарлана.
Шинжлэх ухаан, инноваци, хүнс хөдөө аж ахуй, логистик, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гэж үзнэ. Баялгийн сан байгуулна. Үндэсний баялгийн сангаар дамжуулж, яаж бусад салбараа гаргах вэ гэдэг дээр цаг алдалгүй ажиллана. Эх оронч худалдан авалтыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаарна. Тиймээс би тантай санал нэг байна.
Үндсэндээ зөвхөн уул уурхай биш олон тулгуурт эдийн засаг руу Монголчууд бид цаг алдалгүй орох ёстой. Тиймээс энэ бол та бидний хамтын асуудал болно.