УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд өлсгөлөн зарлаад буй. С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Би Засгийн газрыг төлөөлж, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт ирлээ. Би танд хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан.

Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьлаа. Үүнд, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гэдэг шаардлагуудыг тавьсан.

2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас таьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.

Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэдгийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэллүүллээ.

Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ томилогдоогүй байгаа учир ирж таны шаардлагыг хүлээн авах нь зохимжгүй юм. Тантай үзэл бодол, үйл хэрэг нэг байгаа гэдгээ илэрхийлсэн.

Бид таны хэвлэл мэдээлэлд өгч байгаа мэдээллээс нэгдүгээр сарын 31-нээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол Оюутолгойг алдах гэж байна гэдэг шаардлага тавьж байна гэж ойлгосон. Энэ дээр Нью Йоркийн олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрх авсан ЗГХЭГ-ын дэд дарга, хуульч Б.Солонго мэдээлэл өгнө.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго: Яг одоогийн байдлаар бидэнд нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай ямар нэгэн маргаан байхгүй байна. Оюутолгой төсөлтэй холбоотой татварын арбитрын маргаан үргэлжилж байгаа. Энэ маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 21-ний дотор хариу тайлбар өгөх ёстой. Үүнд бид үндэслэлтэй тайлбар өгөхөөр ажиллаж байгаа. 2018 оны 350 тэрбум төгрөгийн татварын актыг Засгийн газраас Оюутолгой компанид тавьсан. Нэмээд 2020 оны арванхоёрдугаар сард 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Эдгээрийг Оюутолгой компани төлөхгүй гэсэн учраас маргаан үүсгэсэн. Энэ маргаанд Засгийн газар байр сууриа хамгаалж оролцож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг засах биш нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа юм.

Өчигдөр бид Оюутолгойн 2029 он хүртлэх санхүүгийн загварчлалыг хүлээн авсан. 2023 оны нэгдүгээр сар буюу далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноос эхэлж Оюутолгойн жилийн борлуулалт, ашиг өссөөр байгаад 2029 он гэхэд 29 тэрбум ам.долларын боруулалт хийхээр байгаа.

Үүнийхээ 10 тэрбумыг үйл ажиллагаандаа, үлдсэн 19 тэрбум ам.долларын 12-ыг нь элэгдэл хорогдолд тооцно гэдэг аймшигтай мэдээллийг бидэнд өгсөн. Цаана нь 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа. Гэтэл оруулсан хөрөнгө оруулалтыг нь бид дахин зээл хийж төлөхөөр санхүүгийн загварчлал ирүүлсэн.

Тиймээс энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид бүхэн санал нэгдсэн.

Өнөөдөр шууд цэрэг, цагдаа хөдөлгөөд төслийг зогсоовол бид олон улсын өмнө хүлээсэн гэрээгээ зөрчинө. Тиймээс ажлын хэсгээс хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлийг тодоорхой болгох шаардлагатай гэж үзсэн. Хөндлөнгийн шинжээчид тун удахгүй үнэлэлт дүгнэлтээ өгмөгц бид хуульд нийцүүлж, гэрээг цуцлах шат дараатай арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монгол Улсын Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг цуцлах шийдвэрээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл би өлсгөлөн зарлана.

Хоёрдугаарт, энэ хэрэгт оролцосн манай 24 улс төрчийн олон улсын шүүх дээр царцаасан хөрөнгийг монгол авчрах нэхэмжлэл гаргаач.

Гуравдугаарт, хэрэв өнөөдөр намайг ажлын хэсэгт оруулж байгаа бол олон улсын шүүх рүү өөрийн санаа бодол, хувилбарыг бичих бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Шинээр томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрыг Оюутолгойн асуудалд төлөөлөх ажлын хэсэгт таныг албан ёсоор урьж байгаагаа уламжлуулсан.

Н.Батаа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн