Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Үүний
- 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл
- 47 нь гал түймэр,
- 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,
- 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас нэг иргэн нас барсан бол гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар (сумын төвөөс баруун зүгт 28 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т) нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12:01 цагт 3.6 магнитуд, 25-ны өдрийн 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Өмнө нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар (сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″) нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар