Орон сууцанд коронавирусийн халдвар тархсан байдлыг судалж байгаа багийн гишүүн НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга Д.Сувд ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр орон сууцанд халдвар гарсан тохиолдлыг танилцуулсан юм.
- Баянгол дүүргийн 6-р хорооны нэг орон сууцны хоёр орцонд таван өрхийн 5 тохиолдол 2021 оны 1-р сарын 7-нд бүртгэгдсэн.
- Баянгол дүүргийн 4-р хорооны нэг орон сууцны 2-р орцонд гурван өрхийн 7 тохиолдол 1-р сарын 12-нд бүртгэгдлээ. Эндээс халдвар агаар сэлгэлттэй холбоогүй нь харагдсан.
- Харин Баянгол дүүргийн 6-р хорооны 2004 онд ашиглалтад орсон таван орцтой зургаан давхар орон сууцны нэг орцны 2-5 давхрын дөрвөн айлын найман тохиолдол 1-р сарын 9-нд батлагдсан.
Үргэлжлүүлэн “1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн. Нэг сувагт давхар алгасаж холбосон систем муу биш. Гэхдээ гүйцэтгэлийн явцад алдаа гаргасан байвал нэг айлаас нөгөө айлд бохир агаар дамжиж орсон байх магадлалтай байгаа” гэлээ.
Мөн “Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан гэх нотолгоо гарч ирээгүй. Олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлуудыг судлахад агаарын урсгалын дагуу хүмүүс халдвар авсныг тогтоосон. Бидний хийж байгаа судалгааны дүн эцэслэж гараагүй ч гэсэн ард иргэдэд зориулсан зөвлөмжийг бэлтгээд байна” гэлээ.
Л.Баяр