2021 онд маркетингийнхан дижитал орчинд түлхүү анхаарах нь тодорхой болсон. Монгол компаниудын хувьд онлайн борлуулалт, сурталчилгааны сошиал сувгуудыг алаг цоог ашиглаж байгаа ч маркетерүүд брэнд хөгжүүлэлт дээр хойш суухыг хүсэхгүй байна. Байгууллагууд энэ цагт маркетингийн зардлаа улам танаж, нэн шаардлагатай зүйлсэд хөрөнгө төсөвлөж буйг салбарын судалгаанууд нотолж буй. Борлуулалтын орлогоор маркетингийн зардлаа нөхдөг байгууллагуудын хувьд маркетинг идэвхжүүлэлт зогсолтын байдалтай байна. Худалдааны дийлэнх компани онлайн худалдааг түлхүү ашиглахыг хичээж байгаа ч жижиг аж ахуйн нэгжүүд тэр бүр цахимаар борлуулалт хийх эвээ олж чадаагүй явна.
Ингээд дотоодын компаниуд энэ цагт хэрхэн ажиллаж буй, маркетингийн ямар бодлого барьж буй талаар уншигч танд хүргэе.
“Монкрем” ХХК-ийн маркетинг, борлуулалтын албаны дарга С.Болдбаатар:
-Компанийн ажилчдын 30 хувь нь ажиллахгүй байна. Салонууд хаагдаж, үйлдвэр ажиллаж байна. Онлайн худалдааны сайтуудтай хамтарч ажиллаж байна. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хойш суугаагүй. Цаг үеийг дагасан зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлж байна. Цар тахлын үед зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр гаргасан. Маркетингийн дижитал сувгууд дээр ажиллаж, брэнд хөгжүүлэлт дээр анхаарч ажиллаж байгаа. 2021 онд эдийн засаг хүндэрч өрхийн орлого буурах хандлага бий. Тиймээс энэ чиглэл рүү хандсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийнэ. Эрүүл бүтээгдэхүүнийг хамгийн боломжит хямд үнээр зах зээлд гаргая гэж байна.
“Чиглэл” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Бумцэнд:
-Манай компанийнхан яг одоо ажиллахгүй хөл хорионд байна. Дижитал маркетингаар бараа бүтээгдэхүүн борлуулах зайлшгүй шаардлага бий болсон тул бэлтгэл ажлууд хийж байна. Онлайн худалдаа хийх зөвшөөрлөө авч чадаагүй. 2021 оны энхий хагас жилд бизнес амжилттай ажиллаж чадахааргүй харагдаж байна. Дижитал маркетинг ашиглана гэж бодож байгаа ч компанийн стратеги төлөвлөгөө хараахан гараагүй. Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж харзнасан байдалтай байна. Өнөөгийн нөхцөлд онлайнаар сургалтын программ л боловсруулж болохоос биш ажилчдаа онлайнаар сургаж чадахгүй байна. Учир нь ажилчид тэр бүр гэртээ интернеттэй байж чадахгүй байна.
“Алтан тариа” ХХК-ийн маркетингийн мэргэжилтэн Д.Марал :
-Оффис борлуулалт, маркетингийн алба ажиллаж, үйлдвэрлэл хэсэгчилж ажиллаж байна. 2021 онд онлайн тэр дундаа сошиалд түлхүү анхаарч ажиллана. Алтан тариа ХХК-ийг хүмүүс гурилын үйлдвэрээр мэддэг. Бид гахайн мах, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүмүүс тэр болгон мэддэггүй бусад бүтээгдэхүүнээ зах зээлд таниулахад анхаарч ажиллана.
МСМ группийн маркетингийн менежер Б.Ганбаяр :
-Санхүү, маркетинг боловсруулалтаас бусад бүх ажилтан гэрээсээ ажиллаж байна. Бид бүх ажлаа дижитал хэлбэрт шилжүүлж байна. Одоогийн нөхцөлд шууд сурталчилгаа хийхэд тохиромжгүй байгаа тул брэндинг дээр төвлөрч байгаа. Байгууллагын хувьд бүх боломжит салбар, чиглэлээ дижитал байдал руу шилжүүлж байна. Ирээдүйн худалдан авалтад чиглэсэн ажлууд хийж байна гэсэн үг. МСМ группын хувьд автомотивуудаас гадна шингэн хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, барилгын тоног төхөөрөмжүүд импортолдог. Мэдээж маркетингийн зардлаа танаж байгаа. Зарим нэн шаардлагагүй задлаа царцаасан.
Д.Баасан /Монланс ХХК-ийн ерөнхий захирал/:
-Бид нөхцөл байдлыг харзнан ажиллахгүй байна. 2021 онд ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд хүнд байдалтай байх нь. Онлайнаар худалдаа явуулах гэхээр хүргэлт хийж чадахгүй зэрэг асуудал тулгарч байна. Зах зээлд чиглэсэн дан төр засгийн шийдвэрийг хараад байвал аж ахуйн нэгжүүд хөгжих биш мөхөх болоод байна. Төвлөрсөн захиалга, дотоодын худалдан авалтыг үйлдвэрлэгч нараас түлхүү авах бодлого хэрэгтэй байна.
Эх сурвалж: business.mn /Б.ОРХОН