Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өнөөдөр танилцууллаа. Судалгааг өнгөрсөн тавдугаар сарын 5-12-ны хооронд зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулжээ.
Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад нийслэлд судалгаанд оролцогчдын 28.5 хувь нь Монгол Ардын Нам, 22.3 хувь нь АН, 6.5 хувь нь МАХН, 42.8 хувь нь аль ч намыг дэмждэггүй хэмээн хариулжээ. Харин орон нутагт 38.7 хувь нь Монгол Ардын Нам, 26.7 хувь нь АН, 8.1 хувь нь МАХН-ыг дэмждэг гэсэн бол 26.5 хувь нь нам бус гэж хариулсан байна. Эдгээр дүн мэдээг нэгтгэвэл улсын хэмжээнд 33.6 хувь нь Монгол Ардын Нам, 24.5 хувь нь АН, 7.3 хувь нь МАХН-ыг дэмжиж байна.
Мөн судалгаанд оролцогчдын 29.3 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа бол 22.8 хувь нь Х.Баттулга, 15 хувь нь С.Ганбаатарт санал өгнө гэсэн байна. Харин дийлэнх буюу 32.8 хувь нь аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй гэжээ. Аль намын нэр дэвшигчийг дэмжиж байгааг нийслэл болон орон нутагт гэж ангилахад аль алинд нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд тэргүүлсэн байна.
Судалгаанд оролцогчдоос хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх үү гэж асуухад 78.7 хувь нь “тийм” гэж хариулсан байна. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны дотоод нөхцөл байдлыг судалж шийдвэр гарган ажилладаг, туршлагатай, зарчимч, тууштай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой гэсэн байна.
2 comments
Үнэндээ сонголтгүй байна.Энэ 3 хүн сонгуульд нэр дэвших биш хууль хяналтын байгууллагаар л явах ёстой юм шигээ. Манай хуулийн байгууллагууд хэзээ жинхэнэ утгаараа ажиллах юм бол доо
Энэ 3 хэрүүлч намуудаас нэр дэвшсэн хүмүүст итгэхэд хэцүү байна аа. Намууд нь ялзарсан юм байна гэж хар лаа. Иймээс надад сонгох хүн алга ямар энэ 3-ын аль нэгииг нь сонголой биш. Намууд нь хамгийн цэвэр, улс орныг авч явах хүнээ л дэвшүүлж байгаа л байх л даа, гэтэл энэ 3-х нь байж байгаа хардаа, улаан хэрүү, бие биенээ муулсан гүтгэсэн дүр зураг харагдаж байна. Ерөнхийлөгч болох “дүрс” хэзээ тодорч гарах юм бүү мэд.