Эрүүл мэндийн яамнаас дахин мэдээлэл хийлээ. Энэ удаад “Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ.
Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна.
“Ачтан эмнэлэг 12 сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Тус эмнэлэг нь 12 сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн халууныг үзэж тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 12 сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна.
Тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж, зарласан байршилд шинжилгээнд хамрагдах, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авахыг анхааруулж байна.
Л.Баяр