2020 оны IV дүгээр улиралд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.
Өөрөөр хэлбэл иргэд 2020 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэх нь.
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.
Өнгөрсөн оны I улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум, II улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.
Updown.mn