БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтэн судлаачидтай уулзах үеэрээ Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зарим ажлын талаар танилцуулж “Монгол бичгийн зөв бичих зүйн журамласан толь”-ийг бүтээж, цахим болон хэвлэмэл хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг монгол хэл бичгийн эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлэн ажиллуулах талаар дурдлаа.
Хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын төлөөллийг урьж уулзсан уулзалтад Ардын багш, Төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Ардын багш, доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс нар оролцов.
БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Монгол хэлний хуулийн дагуу кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хянаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хэлэлцэн батлах ёстойг онцлон тэмдэглэлээ. Монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаач, багш нарын баг бүрдүүлэн толь бичгийг зохиосны дараа холбогдох хүрээлэнгээр хянуулан, Хэлний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж, үүнд зориулан тодорхой төсөв баталсан талаар эрдэмтдэд мэдэгдэв.
Уулзалтад оролцсон эрдэмтэд Монгол бичгийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л мэдлэг, чадвараа дайчлан хамтран ажиллаж, сургах, зөв мэдээлэл, ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Мөн толь бичиг бүтээх болсонд талархаж байлаа.
Уулзалтын үеэр олон нийтийн дунд талцал маргаан үүсгээд буй Монгол хэлний дүрэм, журамласан үгсийн тухай асуудлыг эрдэмтэд хөндөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гаргаж “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон.
Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын баг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Тиймээс Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Тодорхой хугацаанд янз бүрээр бичиж хэвшсэн үгсийг журамласан нь маргаан дагуулж буй ч цаашид “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг бүх нийтээр даган мөрдөж, нэгмөр хэрэглэх нь чухал. Харин толь бичгийг олон нийтэд хүртээмжтэй тоогоор хэвлэн түгээх нэн хэрэгцээтэй байна. Тиймээс тодорхой зардал гаргаж, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сайдад хүсэлт болголоо.
Мөн 2021 оны эхээр монгол хэл бичгийн багш, эрдэмтэн, судлаач, хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг сайдад гаргасныг дэмжин хамтран зохион байгуулахаар боллоо.
Б.Эрдэнэ