Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан байна.
Осол гаргасан машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Согтолтын зэрэг 1.32% байсан байна. Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учирчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 25,686 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Харин согтуугаар автомашин жолоодон осол гаргасны улмаас 117 хүний амь нас хохирсон байна. Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-аас анхаарууллаа.