ИНЕГ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалаар Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичиг, албан хэрэг хөтлөлтийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тоон гарын үсэгт шилжүүлэн цахимаар мэдээлэл солилцож байхаар болсон билээ.
Тэгвэл зам, тээврийн салбар дотроос иргэний нисэхийнхэн түүчээлэн яам болон харьяа байгууллагууд хооронд тоон гарын үсэг ашиглан цахимаар албан бичиг солилцох боломжтой болж, цахим шилжилт хийх томоохон алхмыг эхлүүллээ.
ИНЕГ-ын харьяа газар, алба нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлж, албан бичгийн төслүүд, өргөдөл гомдол, дижитал өгөгдөл мэдээллийг цахимаар хялбар солилцох бөгөөд өөрийн онцлогт тохируулан дотоод хөгжүүлэлтийг хийснээр системийг сайжруулах, цаашид хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан хөгжүүлэхэд хялбар болно. Цаашлаад гар утсаараа тоон гарын үсгийг ашиглах системийн хөгжүүлэлт, интеграцийн ажил хийгдэж байгаа ба тун удахгүй цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр хаанаас ч гарын үсгийг гар утсаараа зурах боломжтой болох юм.
Цахим албан хэрэг хөтлөлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаас болон хэвлэх төхөөрөмжийн хор гэх мэт урсгал зардлуудаас гадна хол байршилтай байгууллагууд хооронд бичиг хүргэх тээвэрлэх цаг хугацаа, хүний үйл ажиллагааны зардал хэмнэгдэнэ. Одоогийн уламжлалт “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны журам”-д заагдсаны дагуу нэг албан бичиг, тушаалын төсөл боловсруулагдан нөгөө байгууллагад хүрэх хүртэл 4-5 хоног зарцуулагддаг бол цахим системээр хормын төдийд шийдэгдэх юм.
Эх сурвалж: ИНЕГ