ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын ахлах шинжээч, дэд хурандаа М.Батхуяг, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа М.Мөнгөнтулга, Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Анухатан, тус командлалын Артиллерийн дарга, дэд хурандаа С.Ууганбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.
Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол олгогдсон дэд хурандаа Т.Анухатан, дэд хурандаа С.Ууганбаяр нарт хурандаа цолыг нь гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Бригадын генерал Б.Амгаланбаатар шинэхэн хурандаа нарт хандаж хэлэхдээ “Өнөөдөр бидний хувьд бас нэгэн түүхэн өдөр тохиож байна. Хуурай замын цэргийн түүхэнд анхны эмэгтэй хурандаа цолтон төрлөө. Энэ эрхэм бөгөөд хариуцлагатай албыг даасан шиг дааж, цолныхоо эзэн нь болж гялалзаарай.
Хурандаа гэдэг офицер болсон хүн бүрийн хүрэхийг хүсдэг, шатлал, босго өндөр сайхан цол. Хэрэв та энэ эрхэм цолыг зүүсэн л бол таны нуруун дээр үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байдгийг санаарай. Хуурай замын цэрэг хэмээх энэ их айлд хоёр хурандаа цолтон нэмэгдсэнд нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэе” гээд цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм.
Эх сурвалж: ЗХЖШ