Маргаашаас эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх зарим зохицуулалтын арга хэмжээний талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан төдийгүй бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэвийн ажиллах аж ахуйн нэгжийн жагсаалтыг баталсан. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу дараах 15 байгууллагын үйл ажиллагааг хэвийн ажиллана.
Үүнд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал, стратегийн ач холбогдол бүхий объектын үйл ажиллагаа
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага эм эмнэлгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, нотариат
- Төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь
- Хүүхэд хамгааллын газрууд
- Буяны болон оршуулгын үйл ажиллагааг хэвийн ажиллуулна.
Мөн хүнсний худалдаа 07.00-22.00 цагийн хооронд ажиллана. 18 градусаас доош хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдахыг зөвшөөрч байна.
15 чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилчид QR кодыг шинээр хэвлүүлж, автомашиндаа наана. Өмнө нь ашиглаж байсан QR кодын хуудсаа ашиглахгүй.
Б.Эрдэнэ