“Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нээлт боллоо
Европын Холбооноос 2020 оны 5-р сард баталсан Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгдлээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаа бөгөөд цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм.
Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа төсвийн дэмжлэг нь Европын Холбооны хөгжлийн туслалцааг Монгол Улсын нийгмийн салбарын шинэчлэлийн зорилттой нийцүүлж буй үр дүнтэй механизм гэдгийг онцлон дурдав.
“Төсвийн дэмжлэг нь ялангуяа цар тахлын хүнд цаг үед Засгийн газраас хүн ардынхаа аж амьдралыг сайжруулах хөгжлийн гол зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт боломж олгож байна.
Энэхүү буцалтгүй тусламж нь залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, улмаар Засгийн газар орлогын удирдлагаа сайжруулах замаар хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмэр оруулна” хэмээв.
2018 оны байдлаар МУ-ын нийт хүн амын 28.4 хувь нь ядуурлын түвшинд, мөн 15 хувь нь ядуурлын түвшинд дөхсөн байсан ба ажилгүйдэл, ялангуяа цар тахлын хувийн хэвшил, хөдөлмөрийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Цар тахал ТХЗ-ыг биелүүлэхэд гарсан ахиц дэвшлийг удаашруулах, ухраах хэмжээний сорилт бий болгоод байгаа тул ТХЗ-ыг биелүүлэхийн төлөө бүх тал хүчин чармайлтаа сайжруулах шаардлагатай болж байна.
“Монгол Улс нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон тайлангийн системд шилжиж байгаа нь сайшаалтай юм. Ажлын байр бий болгох, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд, алслагдсан нутагт амьдарч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх энэ чухал төсөлд хамтран ажиллах боломж олгосон Европын Холбоонд мөн талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэв.
Тэрээр мөн “НҮБХХ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, институцийн чадавхыг сайжруулах чиглэлээр бүх талуудтай ойр нягт хамтран ажиллах болно” хэмээв.
Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд “Энэхүү төсөл нь манай яамны үйл ажиллагаатай, ялангуяа хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн ур чадвар олгох зэрэг чиг үүрэгтэй нягт уялдаатай хэрэгжих учир танилцуулга, уулзалтын арга хэмжээнд бид өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллаж байна.
Европийн холбооны энэхүү төсвийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөрийг дэмжих асуудал бөгөөд энэ нь Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын 8 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн байгаа нь цаг үеэ олсон чухал дэмжлэг болоод байна” гэв.
Төслийн танилцуулга, уулзалтад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг панелистаар оролцов.
Эх сурвалж: ХНХЯ