Канадын цагдаагийн газар арванхоёрдугаар сарын 14-нд АНУ-ын хүсэлтээр Виннипег хотоос Nygard загварын корпорацийг үүсгэн байгуулагч, 79 настай саятан Питер Найгардыг саатуулжээ.
Найгардыг хүмүүсийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан, рэкет үйлдсэн, насанд хүрээгүй охид, хүүхнүүдийн оролцоотой гэмт хэрэг АНУ, Канад, Багамын арлуудад үйлдсэн гэж буруутгажээ.
Питер Найгард 1995-2020 оны хооронд Nygard Group компани болон ажилтнуудынхаа нөлөөг ашиглан насанд хүрсэн болон насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг элсүүлэн авч, өөрийнхөө болон бизнесийн хамтрагчдынхаа бэлгийн таашаалд ашиглаж байсан гэжээ. Тэр дундаа боломж бололцоо муутай айлын охидыг байгаа болгон авч, харгис хэрцгий хандаж байсан гэнэ.
Найгард болон түүний хамтрагчид, компанийн ажилтнууд нь хүч, заль мэхийн аргаар өсвөр насны охид, мөн эмэгтэйчүүдийг саятнуудтай бэлгийн харьцаанд оруулдаг байсан гэжээ. Зарим үед Найгард өөрийнхөө хохирогчдыг мөрдөн мөшгиж, ийш тийшээ явахыг нь хүртэл хязгаарлаж байжээ. Мөн хохирогчдод хүчээр мансууруулах бодис тарьдаг байсан гэнэ.
Харин 2020 оны хоёрдугаар сард 10 эмэгтэй Нью-Йоркийн шүүхэд Питер Найгардтай холбоотой гомдол гаргасан байна. Тэдний зарим нь Найгард өөрсдийг нь өсвөр насанд нь хүчирхийлж байсан гэжээ. Бизнесмэний тухайн үед эзэмшдэг байсан Багамын шилтгээнүүдэд хунтайж Эндрю хүртэл очдог байжээ.
Ингээд Найгардын эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн тоо 84 болон нэмэгдсэн байна.
Питер Найгард энэ бүгдийг үгүйсгэж, Багамынх нь хөрш, Америкийн хөрөнгө оруулагч Луис Бэконтой олон жилийн маргаантай байгаагаас болоод өөрийг нь энэ хэрэгт хутгах болсон гэжээ.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн хоёрдугаар сард Питер Найгардын Нью-Йорк, Лос-Анжелес хотод байдаг гэрт нь нэгжлэг хийсэн байна. Энэ үйл явдлын дараа Nygard-ын олон үйлчлүүлэгч барааг нь худалдан авахаас татгалзжээ. Харин бизнесмэн компанийн тэргүүний ажлаа өгч, хувиасаа ч мөн татгалзсан аж. Ийнхүү тус компани 53 жил үйл ажиллагаа явуулсны эцэст дампуурлаа зарлажээ.