[starbox]
Япон улсад өмнө нь ийм зүйл огт тохиож байсангүй. Эзэн хаан нь эсэн мэнд ч биеийн байдал нь тааруу байгаа учраас парламент, Засгийн газраасаа өөрийг нь хаан ширээнээс салгаж, тайван байлгахыг хүсчээ. Ард түмэн ч үүнд эсэргүүцэхгүй байгаа боловч маш ихээр гуниглаж байгаа гэнэ. Яагаад гэвэл Акихито эзэн хаан дайны дараах Японы улсын бэлгэ тэмдэг болсон нэгэн юм.
Хаан ширээнээсээ буухыг хүлээн зөвшөөрнө үү
Хуулийн төслийг 235 хүн дэмжиж, нэг ч хүн эсэргүүцэлгүйгээр “Шууд баталлаа” хэмээн Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга зарласан юм. Ийнхүү Япон улс энэ сарын 9-нд эзэн хаан Акихитогоо хаан ширээнээс буухыг нь хүлээн зөвшөөрч, шинэ эринд хөтлөх эхний замыг нь нээсэн байна. Энэхүү шинэ эрин 2019 оны нэгдүгээр сараас буюу Акихито 2018 оны арванхоёрдугаар сард хаан ширээнээсээ буусны дараа эхлэх юм.
Тус улсын парламентын доод танхимын дарга Тадамори Ошима “Энэ хуулийг хууль тогтоогчдын бараг 100 хувийн саналаар дэмжсэн нь ямар чухал хууль болохыг харуулж байна. Энэ нь ард түмэн бүхэлдээ уг хуулийг дэмжиж байна гэсэн үг юм” хэмээн мэдэгджээ. Хууль батлагдахаас долоо хоногийн өмнө хуулийн төсөл төлөөлөгчдийн танхимаар ороход бараг бүх гишүүн дэмжсэн юм. Харин Либерал намын хоёр гишүүн нь эзэн хааныг суудлаас нь буулгахын тулд тусгай хууль батлах хэрэггүй гэж үзжээ.
Санал асуулгаас үзэхэд энгийн иргэд парламентын уг шийдвэрийг эергээр хүлээн авч байгаа гэнэ. Асуулгад оролцогчдын 85 гаруй хувь нь эзэн хааныг чөлөөндөө гарахыг дэмжжээ.
Эцсийн дүндээ түрүү булчирхайн хорт хавдраар шаналж буй, зүрхний хүнд хагалгаанд орсон 83 настай Акихито хаан өөрөө ийм хүсэлт гаргасан билээ. Тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн байдлаасаа болоод үүрэг хариуцлагаа зохих ёсоор биелүүлж чадахгүй болсон гэж мэдэгдсэн аж.
Дэлхийн хүн амын олонход нь энэ мэдээ тийм ч онцгой содон санагдаагүй нь лавтай. Дэлхийн хүн амын хувьд нас дээр гарсан нэгэн хүн гавьяаны амралтаа авч байгаатай л адил зүйл сонсогдоно. Харин Японд бол энэ нь жинхэнэ дуулиан шуугиан юм. Учир нь эзэн хаан нь амьд сэрүүндээ хаан ширээнээсээ татгалзаж байсан тохиолдол 200 жилийн турш гарч байсангүй.
Хаант төртэй ч удирдах эрхгүй
Японы эзэн хаад хаан ширээгээ өв залгамжлагчдаа шилжүүлэх замаар буудаг цаг үе өмнө нь байсан. Японы эзэн хааны ордон түүхэндээ өсөлт, уналтыг олон удаа үзсэн гэдэг. VII-VIII зуунд нэгэн омгийн дайчид улс орноо нэгтгэж, бүрэн эрхт захирагчид болсны зэрэгцээ төрийн шашинд синтоизмыг нарны дээд бурхан Аматэрасутай баталсан билээ. Японы эзэн хаад хэмжээлшгүй их засаглалтай, улсынхаа тэргүүн гэгээнтэн нь байдаг байлаа. Япончууд ч үе удмаараа ариун толь, сэлэм, хув зүүлттэй бурхны шууд удам улс орныг нь захирна гэдгийг мэддэг байв.
Харин бүх зүйл XIII зуунд шогунууд засаглалын эрхийг гартаа авсан үеэс өөрчлөгдсөн юм. Тэд бол авьяаслаг жанжид, нөлөө бүхий угсааны төлөөлөгчид аж. Ингээд эзэн хаанд хаанчлах эрхийг нь үлдээж, удирдах эрхийг нь хасчээ.
Энэ үед Японы эзэн хаад залуугаараа нас нөгчих буюу хаан ширээнээсээ салж байв. Энэ үед “дайже тэнно” буюу “хаан ширээгээ орхисон хаан” хэмээх тусгай цол хүртэл байлаа. Ингээд хуучин хаад буддын лам нар болцгоож, үлдсэн амьдралаа гэгээрэхэд зориулдаг байв. Эсвэл өөрсдөд нь тусгайлан барьсан ордон, эдлэн рүү нүүж, улс төрд идэвхтэй нөлөө үзүүлэн амьдардаг байжээ. Ерөнхийдөө Японы түүхэнд нийт 62 “дайже тэнно” байдаг.
Энэ үзэгдэл 1868 он хүртэл үргэлжилж, эзэн хаад шогуны засаглалд дургүйцсэн дээдсүүдийн тусламжтайгаар засаглалыг гартаа авчээ. Энэ үйл явдлыг Мэйжигийн сэргэлт гэдэг. Эзэн хаадын эрх мэдэл хязгааргүй болж ирэв. Тэд гүйцэтгэх засаглалын тэргүүн, ерөнхий командлагч бөгөөд парламентыг тараах, эсвэл түүнгүйгээр хууль батлах эрхтэй байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эзэн хаан нь япончуудад ялалтад хүрэх хэмжээ хязгааргүй итгэл үнэмшлийн бэлгэ тэмдэг болж байлаа. Гэвч тэд ялагдал хүлээсэн юм.
Ингээд 1947 оны Үндсэн хуулиар төрийн тэргүүн нь улс орны амьд бэлгэ тэмдэг болж, улс орны асуудалд хутгалдах эрхээ хасуулжээ. Мэдээж эзэн хаанд ямар ч үед Засгийн газар, эсвэл парламентын шийдвэрт хориг тавих эрхийг хүлээсэн байна. Хамгийн гол нь тус хуульд зааснаар эзэн хаан үүргээ насан туршдаа биелүүлэх ёстой аж.
Хисахитод бүх найдлагаа тавьж байна
Эзэн хаан Акихитогийн хувьд 1989 оноос хаан ширээнд сууж байгаа юм. Тэрбээр Америк хүмүүжигчдийн асрамжинд өсч хүмүүжсэн болохоор англи хэлэндээ сайн, барууны соёлыг сайн мэддэг аж.
Тэрбээр 1959 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа энгийн иргэн буюу тээрмийн бизнес эрхлэгчийн охин Митико Сёдатай гэрлэжээ. Үүнээс өмнө Японы эзэн хаад зөвхөн язгууртнуудтай гэрлэдэг байв. Хайр дурлалынхаа төлөө уламжлалыг эвдсэн залуу хунтайж япончуудын зүрх сэтгэлийг эзэмдсэн гэдэг. Тэд хүүхдүүдээ өөрсдөө өсгөж, үлгэр жишээ гэр бүл болж чадсан юм. Митико хүүхдүүдийнхээ өглөөний цайг өөрөө бэлтгэж, нөхрийнхөө эцэг эхийг байнга эргэж тойрон асардаг байв.
Акихито хааныг хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаа тухай мэдээлэл гарсны дараа “ВВС”-гийн сурвалжлагчид Токиогийн гудамжаар хүмүүсээс санал асуусан байна. Хүмүүс одоогийн эзэн хааныхаа тухай ихэвчлэн сайн сайхан үг хэлж байсан бөгөөд түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэжээ. Хаан ширээ зөвхөн эрэгтэй талаа дагадаг. Акихито эзэн хааны хувьд Нарухито, Фумихито хэмээх хоёр хүүтэй. Бага хүү нь Хисахито хэмээх 10 настай нэг хүүтэй. Тиймээс Нарухито гэнэт хаан ширээ залгамжлагч хүүтэй л болохгүй бол энэ суудал бага дүүгийнх нь хүүд шилжинэ гэсэн үг. Гэтэл Нарухито хунтайж өдгөө 57 настай, эхнэр Масако нь 53 настай учир дахиж хүүхэдтэй болох магадлал тун бага юм. Ийм учраас хаан ширээг шилжүүлэх шугам тасалдаж болзошгүй байна. Хисахито бол гурав дахь үеийн цорын ганц эрэгтэй залгамжлагч бөгөөд хэрвээ тэр том болоод хүүтэй болж чадахгүй бол эзэн хааны засаглал дуусгавар болох юм.