УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийн тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.
Уг зээлээр цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
Н.БАТАА