Монгол Улсын Гадаад худалдааны мэдээллийн санг энэ сарын 11-нд албан ёсоор нээх гэж байна. Үүнтэй холбогдуулан Америкийн Худалдааны танхим (АмЧам) болон Дэлхийн Банк группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) хамтран “Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг хамгаалах” сэдвийн хүрээнд өчигдөр бизнес эрхлэгч нартай цахим уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын Худалдааны мэдээллийн санг ОУСК-ийн “Худалдааг хөнгөвчлөх, ХАА-н экспортын өрсөлдөх чадвар” төслийн дэмжлэг, санхүүжилтээр байгуулж буйг төслийн багийн удирдагч Пол Шмидт дуулгаж танилцууллаа.
Тэрээр, мэдээллийн сан ашиглалтанд орсноор худалдаа, бизнес эрхлэгч нар худалдаа, экспорт, импорттой холбоотой бүхий л хууль, дүрэм журам, маягт болон бусад холбогдох мэдээллийг нэг дороос mongoliatradeportal.com вэбсайтаас цахим хэлбэрээр, үнэ төлбөргүй олж авах бололцоо нээгдэж буйг мэдээллээ.
Түүнчлэн ОУСК нь зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд Гаалийн ерөнхий газар (ГЕГ) болон МХЕГ-тай хамтран бараа бүтээгдэхүүнйг эзэнд нь олгох цаг хугацааны судалгааны тайланг гаргасныг ОУСК-ийн төслийн удирдагч Д.Жигжидмаа танилцуулав.
Судалгаагаар, хилийн боомтоор авто тээврээр орж ирсэн импортын бараа дунджаар 3.5 өдөр, төмөр замаар орж ирсэн импортын бараа дунджаар 4 өдөр 20 цагийн хугацаанд эзэндээ очин олгож буйг гаргажээ. Судалгааны тайлан ГЕГ-ын вэбсайтад англи болон монгол хэл дээр танилцуулж буй учир худалдаа, бизнес эрхлэгч нар тайлангийн бүрэн эхтэй танилцах боломжтойг хэллээ.
Уулзалтанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, “АмЧам”-ын гүйцэтгэх захирал О.Адьяа, тус танхимын гишүүн ААН, компаниудын төлөөлөл, түүнчлэн ОУСК-ийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Худалдааг хөнгөвчлөх болон хөрөнгө оруулалтын бодлогын төслийн удирдагч Д.Жигжидмаа, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Дашдэмбэрэл нарын албаны хүмүүс оролцож нийт 40 гаруй бизнес эрхлэгч нартай санал солилцов.