Монгол хэлний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” тогтоолд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх;” гэж заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас эмхэтгэлд нийтлэгдэх Монгол Улсын Хууль, Улсын Их Хурлын тогтоолуудыг хос бичгээр хэвлэн нийтэлж, эхэлллээ.
Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолыг нийтэлсэн.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохтой холбогдуулан хуралдаан дуусгах цагийг товлохоор зохицуулжээ.
Мөн хууль санаачлагч, дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, тус захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглавараа баталж, мөрдөхөөр зохицуулсан байна.
Хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасах зохицуулалтыг тусгажээ.
Шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайдын мэдээллийг түүний томилсон Засгийн газрын гишүүн хийх, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд санал хурааж шийдвэр гаргахгүй.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болох зэрэг зохицуулалтуудыг тус тус тусгасан байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр насны тэтгэвэр авах насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан зарим шүүгчийн талаар гаргасан “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн энэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын “Үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолыг нийтэлсэн. Улсын Их Хурлаас “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийг баталж, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан, хэрэгжүүлэхээр заасан.
Энэ хүрээнд “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй тогтолцоог бий болгох, суралцагчийг шим тэжээллэг хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндийг нь дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго чиглэжээ.
Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүн, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт, нийлүүлэлт, санхүүжилт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хэрхэн хийх талаар нарийвчлан зохицуулсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.