Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас энэ сарын 24-ний өдөр 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан болон Орхон, Өвөрхангай аймгуудад шалгалт хийжээ.
Тус шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д үхрийн мах 15500, хонины ястай мах 12000, адууны мах 11000 төгрөгөөр худалдаж байжээ. Иймд тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгожээ.
Мөн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулжээ.
Тиймээс ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.