“Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ.
Энэ аяныг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн аяны хүрээнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй НҮБ-ын 11 салбар агентлаг, хөгжлийн түншлэлийн байгууллага, дотоодын болон олон улсын иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд хамтран жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж байна.
Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дээр, гудамж, олон нийтийн газар тохиолддог бие махбодийн төдийгүй сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг хүчирхийлэл зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийг цаг алдалгүй, яг одоо таслан зогсооход дуу хоолой, хүчээ нэгтгэхийг бүх нийтээс уриалж байна.
НҮБ-ын Хүн амын сан, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран энэ аяны хүрээнд олон нийтийг, түүний дотор хүчирхийллийг даван туулагчдаас эхлээд, хүчирхийлэл үйлдэгч, хүчирхийллийн гэрч болсон хүмүүс гээд хүн бүрийг жендэрт суурилсан хүчирхийллийг таслах зогсоохын тулд ЯГ ОДОО дорвитой алхам хийхийг уриалсан үндэсний хэмжээний олон нийтийн мэдээллийн кампанит ажил өрнүүлж байгаа юм.
Хүн бүхэн бие биетэйгээ нээлттэй ярилцаж, хүчээр биш ухаанаар асуудлыг шийдэх, хүчирхийллийн хэргийг холбогдох газарт цаг алдалгүй мэдээлж, хүчирхийллийг зогсоохын тулд гар бие оролцож чадваас бид хувийн орон зай болон нийгмийн аль ч түвшинд жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг цэглэж чадна.
“Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахалтай тэмцэж буйн адилаар Монгол Улс ч дотоодын халдварын тархалтыг тогтоон барихын тулд хатуу арга хэмжээ авч байгаа энэ цаг үед охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм.
Цар тахлын нөлөөгөөр өсөн нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд бид нэгэн дуу хоолойгоор хүчирхийллийн эсрэг зогсох учиртай. Ийм учраас НҮБ-ын Хүн амын сан энэ жилийн аянд бүх талын оролцоог хангахыг хичээн ажиллаж байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава хэлэв.
Дэлхий дахинд төдийгүй Монголд КОВИД-19-ийн халдварыг тогтоон барих зорилготой хатуу арга хэмжээний дүнд жендэрт суурилсан хүчирхийлэл огцом нэмэгдэж байна.
2020 оны эхний улирал буюу Монгол Улс анхны халдвар хамгааллын арга хэмжээ авч эхэлсэн үед Нэг цэгийн үйлчилгээний төвүүд (НЦҮТ)-ээр үйлчилүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 87 хувь өссөн.
Түүчнлэн11 сарын 11-нд дотоодын халдвар гарсантай холбоотой хатуу хөл хорионы дэглэм эхэлсэн өдрөөс хойш 10 хоногт үйл ажиллагаа явуулж буй НЦҮТ, түр хамгаалах байраар нийт 1,500 гаруй эмэгтэй, хүүхэд үйлчлүүлжээ.
Энэ оны эхний хагаст НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн “ЖСХ, ГБХ-ийн нөхцөл байдал болон хохирогчдод зориулсан үйлчилгээнд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөний түргэвчилсэн үнэлгээ”-нд дурдсанаар цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
Үүнд, эдийн засаг, сэтгэл зүйн дарамт, стресс, гэр бүлийн гишүүд нэг дор өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн байдал, гэр бүлийн гишүүдийн амьд харилцаа алдагдсан, харилцааны ур чадвар дутагдсан, хохирогчдод шаардлагатай тусламж, дэмжлэг дутмаг байдал, хөл хорионы үед хүчирхийллээс дүрвэж зугатах боломж хомс зэрэг шалтгаан орж байна.
“Хүйсийн тэгш бус байдал хүмүүсийн сэтгэлгээ, хандлага, зан үйлд нь шингэсэн хэвээр байгаа үед жендэрт суурилсан хүчирхийлэл оршсоор байна. Энэ нь бидний хэнд ч, хэзээ ч, хаана ч тохиолдож болно.
Тиймээс бүх нийтээрээ хүчээ нэгтгэн гэрт, ажлын байранд, олон нийтийн газарт аливаа хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж байна.” хэмээн Стефани Бурри, Швейцарын хамтын ажиллагааны дарга онцоллоо.
Жил бүрийн 11 сарын 25 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлээд 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий дахинаа зохион байгуулдаг билээ.
Өнгөрсөн жилүүдийн 16 хоногийн аяны үеэр НҮБ-ын Хүн амын сангаас “Эерэг БолГОЁ”, “ОйлГОЁ ХҮНдэлье” зэрэг олон нийтийн мэдлэг ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой хэд хэдэн кампанит ажлыг зохион байгуулсан юм.