Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, визийн хугацаа хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчилтэй гадаад БНХАУ-ын 33 иргэнийг өнөөдөр албадан гаргасан байна.
Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын иргэдийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох хууль, тогтоомийн дагуу хяналт шалгалт хийж энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан талаар мэдээллээ.
Албадан гаргаж байгаа иргэд дотор шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан тав, визийн хугацаа хэтрүүлсэн гурав, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн долоо, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зургаа, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 12, Визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан хоёр иргэн байжээ.
Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоосон талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгдээд байна.
Н.БАТАА