Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэргийг нэхэн сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.