Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд зүүн гаран хошууны малчин, гэрэл зурагчин С.Цэнгэлбаяр “Би монгол хүн” уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Хүннү молл” дахь “Гамма” галерейд нээлээ. Тэрээр Өвөрмонгол болон Монголын үндэсний гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн юм. Ийнхүү С.Цэнгэлбаяр нь “Улаанбаатар” хотноо өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй анхны Өвөрмонгол гэрэл зурагчин болов.
Гэрэл зураг нь маш их хөдөлмөр шаардсан, нарийн мэдрэмжтэй хүний хийх ёстой ажил хэмээн олон хүн өгүүлдэг. Хамгийн гол нь гэрэл зургийг хүссэнээрээ өөрчилж болдоггүй учраас хамгийн адармаатай, онцлогтой урлагийн нэгэн төрөлд багтаж буй юм. С.Цэнгэлбаярын монголоо гэсэн сэтгэл зураг бүрт нь шингээстэй байгааг бүтээлүүд нь гэрчилнэ.
Гэрэл зурагт сэдэв хамгийн чухал. Харин С.Цэнгэлбаярын хувьд хальсанд буулгах сэдэв нь анхнаасаа л тодорхой байсан мэт сэтгэгдэл “Би монгол хүн” үзэсгэлэнг үзэж явахуй дор төрсөн юм. Хурга тэвэрсэн, лоовуузтай жаахан монгол охины инээмсэглэл, талын Монголын адуучин эрсийн сүр жавхаа, атан тэмээний уралдаан, таван эрдэнийн сүрэг, үзэсгэлэнт монгол бүсгүйн хөрөг зургуудыг түүний бүтээлүүдээс харж болно.
-Монголын нийслэл “Улаанбаатар” хотноо анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Өвөрмонголын олон алдартай гэрэл зурагчид Монголынхоо нийслэлд өөрийн үзэсгэлэнгээ гаргахыг мөрөөддөг. Харин би мөрөөдлөө биелүүлж чадлаа.
-Үзэсгэлэнгийн үеэр хүмүүс танд сэтгэгдлээ хэлж, зургаа хамт татуулж байсан. Үзэгчид сэтгэгдэл хэр өндөр байна вэ?
-Хамгийн түрүүнд “Би монгол хүн” нэрнээс үзэхэд л уламжлалт ёс заншил, нүүдэлчин ахуйг камераар зурж бүтээхийг хүссэн миний гол зорилго харагдаж байгаа болов уу. Тиймдээ Монголчуудад их ойр дотно санагдсан байх. Бүгд л намайг урмын сайхан үг хэлж, таатай хүлээж авсан. “Зураг бүр тань сэтгэлд хүрлээ” гэх үгийг сонсоход надад гэрэл зураг дардаг шиг л мэдрэмж төрсөн шүү.
-Таныг малчин хүн гэж сонссон. Хэзээнээс гэрэл зураг сонирхох болсон бэ?
-Багаасаа гар урлал, дуу хуур, гэрэл зураг гэх мэт урлагийн төрлүүдэд дуртай байсан. Анх 1994 он хальсны аппараттай болоод түүгээрээ зураг авч эхэлсэн. Би өөрөө малчин хүн байсан учир гол ус, уул мод зэрэг байгаль болоод амьтны гэрэл зураг түлхүү авдаг байсан. Зарим зураг нь сэтгэлд хүрдэг, зарим нь хэрэггүй мэт санагддаг байлаа. Мэдээж цаг хугацааны эрхээр техник технологи хөгжиж, дижитал камер гарснаас хойш авсан зургуудын маань чанар ч илүү сайжрах болсон.
-Зураг авахын хамгийн сайхан нь юу юм бэ?
-Би гэрэл зургийг “Дэлхийн хэл” гэж ярих дуртай. Аль орон, үндэстэн, ястны хүмүүс хэл яриагаараа хоорондоо ойлголцоход хэцүү ч гэсэн гэрэл зургийг хараад ойлгож, мэдэрч чаддаг. Мэлмий тунгалаг хүн бүрийн ойлгодог урлаг бол гэрэл зураг гэж бий боддог. Тиймээс зураг авах дуртай байдаг даа.
-Гэрэл, сүүдрээр зурах урлаг гэж хүмүүс тодорхойлдог шүү дээ. Дан ганц “реалист” гэлтгүйгээр өөрийгөө тэс өөр өнцгөөс харуулсан зураг авах тухай бодож байв уу?
-Ер нь бүхий л өнцгөөс нь авахыг хичээдэг. Гэрэл зургийн төрлүүд дотроо олон янз байдаг юм билээ. Одоо авч буй зургуудаасаа тэс ондоо бүтээл хийснээр өмнөхөө давтахгүй байх давуу тал бий болдог. Тиймээс ч өөрийгөө өөрчилсөн, шинэ бүтээлүүд зоригтойгоор хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Би дэлхийн монголчуудын аж амьдрал, ёс заншлыг харуулсан гэрэл зургууд авч үзэсгэлэн гаргахыг зорьж яваа. Монголд өмнө нь 3 удаа ирж, 18 аймгаар аялсан. Энэ жил үлдсэн аймаг, сумын төвүүдээр аялах зорилго тээж байгаа. Цаашлаад Буриад, Халимаг, Өвөрмонгол гээд дэлхийн монгол үндэстнүүдийн ёс заншил, өв уламжлалыг хадгалж үлдсэн гэрэл зургууд дарж эх орноо олон улсад сурталчилах хүсэлтэй байна. Би ихэвчлэн хүний амьдралын гэрэл гэгээтэй, аз жаргалтай мөчүүдийг дуранд буулгахыг зорьдог. Учир нь дэлхийн хүмүүс монголыг минь хайрлаасай гэж хүсдэг юм даа.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөв. Камераа чиглүүлээд л буулгачихсан зураг бүр сайн бүтээл болдоггүй. Хамгийн гол нь зөв өнцөг бүхий сайн зохиомжтой, тухайн агшинд буй юмсын онцлогыг тод томруунаар илтгэсэн гэрэл зургийг шилдэгт тооцдог тухай С.Цэнгэлбаяр гар барилцаад салахынхаа өмнө өгүүлсэн нь санаанд буув. Үнэхээр л гэрэл зураг гэдэг сэтгэхүй, мэлмий, агшин гурвын хослол байдаг гэдгийг түүний авсан “Таван эрдэнийн сүрэг” болоод бөхийн барилдаан, хөрөг зургуудаас нь харсан биз ээ.
Дэлхийгээр тархан суурьших монгол үндэстний ёс заншил, мартаж болохгүй өв соёлыг бусдад таниулах түүний чин хүсэл нь зургууддаа шингэсэн байдаг нь юутай сайхан. Хүмүүсийн мэдэхгүй олон сайхан газар, ан амьтан, болоод өнгөрч буй агшнуудыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээх тэр л хүсэл нь унтраагүй С.Цэнгэлбаяр шиг хүмүүс олон буй үед эх орныг минь дэлхийн иргэн бүр хайрлах цаг ойрхон гэж итгэнэм.