[starbox]
– Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш –
Тэртээ 1969 оны долоодугаар сарын 21-нд “Апполо-11” сансрын хөлгөөр саран дээр анх газардсан гурван хүний нэг, сарны хөрсөн дээр хөл тавьсан хоёр дахь хүн Базз Олдрин “Шинэ Монгол санаачилга” ТББ-ын урилгаар Монголд хүрэлцэн ирж, монголчуудтай халуун дотно яриа өрнүүлсэн юм.
Түүний хувьд Нил Армстронгийн араас 20-иодхон минутын зайтай саран дээр буусан гэдгээрээ хүн төрөлхтний түүхэнд тодоос тод нэрээ бичүүлжээ. Тэд саран дээр буугаад зүгээр байсангүй, 20 гаруй кг сарны чулууг судалгаа шинжилгээнд зориулан түүсэн байдаг. Сансар судлалын салбарт асар их хувь нэмэр оруулсан эл хүн Монголд ирж, монголчуудтай уулзана гэдэг ховорхон аз завшаан юм.
Энгийн хэрнээ хөгжилтэй яриа хөөрөөтэй, Mars буюу Ангараг гараг гэсэн футболкоор гангарсан энэ агуу хүн монгол залууст агуу ихийг мөрөөд, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмц, зүтгэ гэдэгт уриалсан халуун дулаан яриа өрнүүлсэн.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн, “Шинэ Монгол санаачилга” ТББ-ыг санаачлагч, тэргүүлэгч Л.Болд, ЗХУ, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Олдрины хүү Эндрю Олдрин нар зочноор оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ТББ-ынхаа “Насан туршийн бахархал” хоёр дахь цомыг Монголын анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Монголчууд бид агуу мөрөөдлөөр амьдардаг улс. XXI зууны энэ цаг үед сэргэн мандалт, хөгжил, их ирээдүйн төлөө том мөрөөдөлтэй байх ёстой. Монгол залуучууд дэлхий дахинд өөрсдийгөө таниулах, мөрөөдлөө ажил хэрэг болгох сайхан цаг үе ирсэн гэдэгт эргэлздэггүй.
Энэ жил сансрын хөтөлбөрийн эхлэлийг тавьсан Константин Циолковскийн мэндэлсний 160 жилийн ой тохиож байна. Тэрбээр монгол гаралтай хүн байсан. Түүний мэндэлсний 100 жил ойгоор буюу 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ-ын “Спутник” хиймэл дагуул дэлхийгээс хөөрч, энэ хүний 100 жилийн мөрөөдөл, төсөөлөл бодит ажил болсон.
Мөн 1961 онд Юрий Гагарин анх сансарт гарч, сансрын эрин үеийг нээсэн юм. Харин 1969 онд домог болсон “Аполло-11” сансрын хөлгийн нисгэгч Базз Олдрин багийн хамт саран дээр буусан. Тухайн үедээ энэ нь зөгнөлт кино шиг л санагдаж байсан биз.
Энэ цаг үеэс хүн мөрөөдөх ёстой юм байна, урагшаа тэмүүлэх ёстой юм байна, хэзээ ч болохгүй, бүтэхгүй гэлгүй бүтээж байх ёстой юм байна гэсэн төсөөллийг бий болгосон Базз Олдрин хүрэлцэн ирлээ. Монголчууд бидний хувьд 1981 онд сансрын нисгэгч, анхны сансрын баатартай болсон.
Тухайн үед миний бие Германд сурч байсан бөгөөд Берлинд шөнөөр “Монгол хүн сансарт нислээ” гэсэн ухуулах хуудас нааж явсан. Энэ ажлыг бид үргэлжлүүлэх ёстой” гэлээ.
Энэ долоо хоногт монголчууд бидэнд сансрын эрин эргэн ирсэн үйл явдал тохиосон. Энэ бол энэ сарын 4-нд АНУ-ын Флоридагаас Монголын анхны “Falcon-9” хиймэл дагуулыг сансар огторгуйд хөөргөсөн билээ. Тэгвэл өчигдөр сансар судлалын түүхэнд нэрээ үлдээсэн алдарт хүн Монголд ирж, залууст урам зориг өгсөн уулзалт хийсэн нь энэ юм.
Уулзалтын үеэр Ж.Гүррагчаа “Үнэхээр монголчуудад түүхэн үйл явдал тохиож байна. Манай гараг дээр долоон тэрбум гаруй хүн амьдарч байгаа. Үүн дотроос биднийг төлөөлж, 12-хон хүн манай дэлхийн дагуул саран дээр мөрөө гаргасан байдаг. Түүний хоёр дахь хүн нь Улаанбаатар хотод та бидэнтэй уулзаж байна.
Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших их үйлстээ олон шинэ, том алхмуудыг хийж байсан. 1957 оны аравдугаар сарын 4-нд анхны хиймэл дагуулыг хөөргөсөн бол 1961 оны дөрөвдүгээр сарын 11-нд хүн анх сансарт ниссэн, 1965 оны гуравдугаар сарын 18-нд хүн анх задгай сансарт гарсан, 1969 оны долоодугаар сарын 21-нд манай гарагийн төлөөлөл саран дээр буусан.
Энэ бол ховор боломж, ховор агшин” хэмээж байлаа. Ж.Гүррагчаагийн хувьд монголчууд дотроосоо сансарт анх нисч, эх дэлхий, Монгол орноо сансрын уудмаас тольдсон ховорхон азтай хүн юм. Гэхдээ түүний хувьд саран дээр бууж үзэхийг бүх насаараа мөрөөддөг байсан гэнэ. Түүнтэй адил бүх сансрын нисгэгч ийм мөрөөдөлтэй явдаг аж.
Дэлхийн хэмжээнд 40 гаруй орны 500 гаруй хүн сансарт ниссэн байдаг аж. Үүнээс 12-хон нь саран дээр очсон байдаг.
Саран дээр буусан анхдагчийн нэг Базз Олдрин “Миний хувьд сартай яагаад ч юм бэ хувь заяагаараа холбогдсон хүн. Миний ээж л гэхэд хүн төрөлхтөн анх онгоцоор ниссэн өдөр төрсөн бөгөөд Moon буюу Сар гэсэн овогтой байжээ. Аав маань Дэлхийн хоёрдугаар дайны үед агаарын цэргийн хүчинд командлагчаар ажиллаж байсан.
Миний бие Солонгосын иргэний дайны үед агаарын цэргийн хүчинд нисгэгчээр ажиллаж, дайсны хоёр онгоцыг сөнөөсөн. Үүнээс цааш Вьетнамын дайнд байлдааны онгоцны нисгэгчээр явж болох байсан ч Массачусетсийн технологийн их сургуульд элсэж, 1963 онд АНУ-ын сансрын хөтөлбөрт сонгогдсон юм” гэжээ.
Түүний хувьд саран дээрээс ирснийхээ дараа сар-дэлхий гэсэн байнгын маршрутын талаар мөрөөдөж байв. Тухайн үед НАСА энэ асуудалд нэг их анхаараагүй аж. Тэгтэл хамт саран дээр буусан сансрын нисгэгч нь “Битгий санаа зов. Сар дэлхий хоёрын хооронд байдаг таталцлын хүчний тойргоос гараад цаашаа Ангараг гараг руу нисэх бүслүүр рүү орох маш том боломж бий шүү дээ” хэмээн хэлжээ.
1985 онд энэ санааг сонссон Базз Олдрин мөрөөдлөө урагшлуулахаар шийдэж, өдгөө Ангараг гарагийг эзлэхэд энэ бүслүүр дээр юу байж болох вэ гэдгийг судалж байгаа юм байна. “Сарыг сансрын хөлгөө буулгаж, цааш Ангараг гараг руу нисэх дамжин өнгөрөх бааз болгох боломж бий гэж боддог” хэмээн өөрийнхөө мөрөөдлийг хуваалцжээ. Тэрбээр “Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш шүү” хэмээн сонирхолтой яриагаа өндөрлүүлсэн юм.