Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Мөн олон улсад “VISION ZERO буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа.
Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажлын байрыг хадгалахтай холбоотойгоор олон талын төлөөлөл оролцуулсан бага хурал болж байна. Хуралд төрийн болон төрийн бус байгууллага, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл, уул уурхайн болон бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд, сургалт, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож байна.
“Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн зарим компанитай хамтран 2012 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурлыг “Ковид-19 ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” уриан дор зохион байгуулж байна.
Бага хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгж байгууллагуудын тэргүүн туршлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэгч байгууллагуудын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах юм.