МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлаар Шадар сайд Я.Содбаатарт ханджээ. МҮХБ-ны хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Я.СОДБААТАР ТАНАА

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай

Монгол үндэсний бөх нь бидний өв соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд одоо олон залуучууд үндэсний бөхөөр барилдаж, өдөр бүр тогтмол бэлтгэл сургуулилт хийн хөдөлмөрлөж, бөхийн барилдаанд оролцож түүнийхээ амжилтаар амьдарч байна. Эдгээр ид барилдаж байгаа 2000 гаруй бөхчүүд, тэдний дараагийн үеийн залгамж олон мянган өсвөр бөхчүүд, хүүхэд залуучууд нь даяаршлын энэ үед Монгол эр хүн хэмээхийн томоохон төлөөлөл болж бие бялдар, тэсвэр хатуужил, оюун санааны хувьд шилдгүүд болж төлөвших ёстой билээ.

Үндэсний бөхийн амжилт, ялалт руу зарим бөхчүүд маань ёс бусаар тэмүүлэх үйлдлүүд сүүлийн үед гарч байгаа бөгөөд үүнийг ил далдаар хаацайлагч албан тушаалтнууд бий болсноос Олон улсын конвенцид Монгол улс нэгдсэн мөн түүний хариуцлага шийтгэл 2018 оноос өөрчлөгдсөн байгааг мэдэж байгаа боловч даган мөрдөхгүй гуйвуулж, допингийн хариуцлагын асуудлыг сулруулж, хойчийн хор хөнөөлийг үл хайхарч байгаад шудрага хөдөлмөрлөж байгаа олон зуун бөхчүүдийн адил харамсаж, энэ үйлдэлтэй МҮБХ эвлэрэхгүй болохыг илэрхийлж байна.

Үндэсний бөхийн салбар хорооны 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн хурлаар, гишүүдийн олонхийн саналаар гаргасан допингийн хариуцлагын шийдвэр нь монгол бөхийн хөгжил мөн удмын санд ихээхэн хор хөнөөл бий болгох, бөхийн дэвжээ допингийн хор хөнөөлд мансуурагчдын тоглоом, хэн илүү хүчтэй, хортойг хэрэглэх вэ гэсэн уралдааны эхлэлийг тавьсан алдаатай шийдвэр боллоо. Иймд Танаас Үндэсний бөхийн салбар комиссын гаргасан алдаатай шийдвэрийг залруулж, Монгол бөхөөс шудрага бус өрсөлдөөн, допингийн хор хөнөөлийг арилгахаар хичээн зүтгэж, тэмцэж байгаа олон зуун залуучуудын итгэлийг алдахгүй байж шудрага шийдвэр гаргахыг хүсье.

Хүндэтгэсэн ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн