Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсны нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 29-нд Баянхонгор аймагт эхэлнэ.
Ц.Нацагдорж нь 1965 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 1965-1976 онд Улсын шигшээ багт тамирчин, 1976-1991 онд Цагдаагийн “Хүч” БТС-ын нийгэмлэгт үндэсний бөх, чөлөөт бөхийн багийн ахлах дасгалжуулагч, 1993-1994 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-2000 онд Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубэд бөхийн чөлөөт барилдааны ахлах дасгалжуулагч, 1991-1993, 2000-2003, 2006-2007 онуудад БНХАУ-д чөлөөт бөхийн мэргэжилтэн дасгалжуулагчаар, 2002-2006 онд АНУ-ын Калифорн мужийн Оакланд хотын 111 дүгээр сургуульд гэрээт дасгалжуулагчаар, 2008 оноос Нийслэлийн Биеийн тамир, спорт хороонд Оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.
Улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа олимпын их наадамд гурав, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа, тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа тус тус оролцож давхардсан тоогоор зургаан удаа шагналт байранд шалгарч, ДАШТ-ээс 1974 онд хүрэл, 1975 онд мөнгөн медаль хүртжээ.
Мөн Дэлхийн оюутны их наадам “Универсиад-73”-аас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол 1975 онд АНУ-ын Толидо хотод зохиогдсон Дэлхийн шилдэг багуудын цомын төлөө тэмцээний мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1973 онд алт, 1974 онд хүрэл медалийг тус тус авсан юм.
Тэрээр Болгарын “Дан-Колов”, Германы “Зилэн” Биндер”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнүүдээс тус бүр алтан медаль, Улаанбаатар хотноо явагддаг уламжлалт “Интернациональ” тэмцээнд таван жил дараалан түрүүлсний дээр Иран, Польш, Чехословак, Унгар, Турк, ОХУ болон бусад орнуудад зохион явагдсан тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож 50 шахам алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа аварга болж байв.
Ц.Нацагдорж нь зөвхөн залуу насны эр бяр, эрч хүчээрээ дэлхийн давцанд улс орныхоо нэрийг мандуулж явсан төдийгүй 1995, 1996 онд Болгарт явагдсан Ахмадын ДАШТ-ээс хошой алтан медаль, 1997 онд Швейцарь улсад явагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль авч 60 шахам насандаа төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн тавцанд мандуулж явсан манай алдарт бөх юм.
Алдартай тамирчин байсан төдийгүй авьяаслаг сайн дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан, гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, улсын начин Н.Түмэннаст, Ш.Лхагвасүрэн, С.Баатар, Д.Цогтгэрэл, Д.Амаржаргал, Г.Бат-Амгалан, аймгийн арслан А.Пүрэвжав, Н.Баярмагнай, Г.Батпүрэв нарын зэрэг олон арван бөхчүүдийг бэлтгэн гаргасан бөгөөд шавь нар нь одоог хүртэл зүлэг ногоон дэвжээндээ багшийнхаа заасан бөхийн эрдэм, ёс жудгаар төрийн наадамд алдар цолоо дуудуулан барилдаж байгаагийн дээр төр түшилцэж, түмэн олныхоо төлөө зүтгэж явна. Мөн хөдөлмөрийнх нь үр дүнд бэлтгэн дасгалжуулсан баг тамирчдаас нь Монгол улсын гавьяат тамирчин Б.Болд, Олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатар, Ч.Бямбадорж, Н.Лхамсүрэн, Г.Хишигдорж нарын зэрэг алдарт бөхчүүд төрөн гарсан байна.