Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хүрээнд түүхий нүүрсний хэрэглээнд тавигдаж байгаа хяналт шалгалтын талаарх мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 26-ны өдрийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 108102 автомашиныг шалгаж нэвтрүүлжээ. Мөн түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулан, 30 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, 34.2 тонн нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулсан байна” гэлээ.
Түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдэлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.
Л.Баяр